
Текст мэдээ
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүсүүдийг зөвлөлтэй болгож шийдвэрлэсний дагуу Бүсчилсэн хөгжлийн анхдугаар хуралдааны хойд бүсийн салбар хуралдаан Булган аймгийн, Булган суманд болж байна. Тус хуралдаанд Хойд бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Засгийн газрын яам, агентлагийн удирдлагууд болон ажлын албаны алба хаагчид, Орхон, Булга, Хөвсгөл аймгийн Засаг дарга нар болон тамгын газрын ажилтнууд, иргэд оролцож байна. Шадар сайд С.Амарсайхан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс өмнө нь жижиглэсэн засаг захиргааны нэгжийн дагуу, тус бүртээ богино хугацаанд хөгжлөө төлөвлөж ирсэн бол 2024 оноос Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсанаар аймаг, сум, хотууд хамтран хөгжих боломж бүрдсэн. Иймд энэхүү бүсийн зөвлөлийн хуралдааныг хийж байгаа нь Монгол Улсын хөгжлийн үйл явцад чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэлийг нийт хуралдаанд оролцогчдод танилцууллаа. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан манай улсад үүсэж буй эрсдэл, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулав.
Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймгууд багтдаг. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хойд бүсийг Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгажээ. Ерөнхий сайд “Хойд бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо.
Бүсчилсэн хөгжлийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны доктор, Профессор Р.Ренчинбазар Бүсчилсэн хөгжлийн засаг захиргааны нэгж буюу бүс, зөвлөлд хуваах онол арга зүйн асуудал сэдвээр илтгэл танилцууллаа. Монгол Улсын хувьд төлөвлөлт зах зээлийн эдийн засаг хоёр зөрчилгүй гэдгийг ойлгож, бүсчлэн хөгжих нь чухал болохыг тэрбээр онцлоод Монгол Улстай хөгжлийн түвшин ойролцоо, далайд гарцгүй орнуудын хөгжлийн загварыг харьцуулан судалж, өнөөгийн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг практикт нэвтрүүлсэн болохыг дурдав. Мөн тэрбээр илтгэлдээ “Хөгжлийн коридор эдийн засгийн, аж үйлдвэрийн, худалдааны, тээврийн, дамжин өнгөрүүлэх гэх мэт олон хэлбэртэй байдаг ба өргөжин тэлэхийн хэрээр илүү дэд эрэмбэд шилждэг нь энэхүү бүсчлэлийн арга зүйн онцлог гэлээ. Монгол улс бол бодлогоо олон улсад экспортлодог орон биш тул хөрш орнуудынхаа бодллогыг судалж, сайжруулж, нийцүүлж зарим тохиолдолд хамгаалж байх нь зөв юм. Улсын төсвийн хязгаарлагдмал хөрөнгө оруулалтыг 70 сум руу чиглүүлж, кластерт нэгдэх боломжийг нэмэгдүүлж, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт ихээхэн чухал” хэмээн тодотгосон юм.
Тус бүсэд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, “Мөрөн” 4С ангиллын нисэх буудал, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Анхдугаар хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргах юм.
Текст мэдээ
Текст мэдээ