Уулзалт зохион байгууллаа

20 минутын хот Үндэсний хорооны даргын зөвлөх, Хот төлөвлөгч (PhD) Б.Батболд тэргүүтэй ажлын албаны алба хаагчид өнөөдөр (2025.06.17) Zaha Hadid Architects компанийн Ахлах зөвлөх хатагтай Евгения Позигун болон Монгол улсад суугаа Британийн элчин сайдын яамны Зах зээлийн бодлогын ахлах зөвлөх С.Онон нарыг хүлээн авч уулзлаа.

Дэлхий дахинд хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг Zaha Hadid Architects компанийн зүгээс 20 минутын хот Үндэсний хороотой уулзах хүсэлтийг Английн элчин сайдын яамаар дамжуулан гаргасны дагуу 20 минутын хот Үндэсний хорооны албан хаагчид хүлээн авч, 20 минутын хот үзэл баримтлалын хүрээнд хүнд ээлтэй хот төлөвлөхөд мэргэжлийн талаас санал солилцсон юм.

Сайн хот, амьдрахад ээлтэй хот гэдэг нь ганцхан барилга байгууламжаар хязгаарлагдахгүй, олон нийтийн гудамж, талбай, байгууламж нь хүний зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй, хөдөлгөөний урсгалыг тасралтгүй байхад чиглэсэн байх ёстой ба энэ шалгуурт нийцүүлэн 20 минутын хот Үндэсний хороо төсөл хөтөлбөрүүдээ төлөвлөн ажиллаж буйг 20 минутын хот Үндэсний хорооны даргын зөвлөх, Хот төлөвлөгч Б.Батболд уулзалтын үеэр онцоллоо. Энэ зорилго, шалгуурын хүрээнд явган алхах зам талбайг ихээр бий болгохоор зорьж, дугуйн замын трассыг шинэчилж байгаа төдийгүй уламжлалт архитектурын өвийг хадгалсан барилга байгууламжийн шинэлэг шийдэл чухал байгааг мөн дурдсан юм.

Zaha Hadid Architects компани нь Узбекистан, Тажикстан, БНХАУ-ын томоохон хотуудыг төлөвлөхөд зөвлөх компаниар ажилласан бөгөөд олон улсын олон хотыг төлөвлөх, иргэдийн болон хотуудын эрэлтийг судалж, хүнд ээлтэй хотын төлөвлөлт хийхэд ихээхэн анхаарч ажиллаж ирсэн болохыг хатагтай Евгения Позигун онцлов. Zaha Hadid Architects компани нь Ташкент, Душанбэ, Шенжень, Данши, Сидней зэрэг хотуудын томоохон архитектурын төлөвлөлт, шийдэл, явган зам байгууламжийг төлөвлөж ажилласнаа танилцуулж, энэ төрлийн мэргэжлийн шийдлийг зөвлөлдөн санал солилцсон юм.

Холбоотой Мэдээ мэдээлэл

Цэс

  • Монгол Улс, Улаанбаатар хот 15160, Нэгдсэн үндэстний гудамж 5, Засгийн газрын II байр

  • 51-266109

  • info@20mcnc.gov.mn