
Текст мэдээ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдааны гуравдугаар тэмдэглэл, 2025 оны нэгдүгээр сарын 22-ны хуралдааны тавдугаар тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулж буй.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, тус бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1200 орчим төлөөлөгчид оролцлоо.
Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны зорилго:
Бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргана.
Мөн салбар хуралдааны санал, зөвлөмжийг Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд танилцуулах,
Салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг хэлэлцэн нэгтгэж шийдвэрийн төслийг танилцуулах,
Шийдвэрийн төсөлтэй холбогдуулан бүсийн аймгуудын төлөөлөгчдөөс асуулт, санал авах,
Санал, зөвлөмжийг баталж, хууль, тогтоомжид заасны дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Говийн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр тогтоолын төсөлд дурдсан эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, аймаг, орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, монгол орныг гадаад улсад сурталчлах, жуулчдыг татах, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, бүс нутаг бүрийн нөөц боломжийг оновчтой ашиглах хөшүүрэг бүхий “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” бий болох эхлэлийг тавьж байна.
Текст мэдээ
Текст мэдээ