
Текст мэдээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангаас 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүнээс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулсан.
Улсын Их Хурал 2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулж 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулахаар тусгасан хэмээлээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолд заасны дагуу дээр дурдсан 52 хотын /Хархорумаас бусад/ эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүүлэх зэрэг ажлыг орон нутагтай зөвшилцөх болон зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.
Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг 189 хороонд нийт 3341 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд 14 хот, 42 хорооллоор дамжуулан төрийн үйлчилгээг үзүүлэхэд урьдчилсан байдлаар 2380 төрийн албан хаагч ажиллах тооцоолол гарчээ. Тиймээс ажлын байрны давхардал, орон тооны цомхотгол, шинэ бүтэц зохион байгуулалт гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг сайд Р.Эрдэнэбүрэн тодотгосон.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд орсон зарчмын өөрчлөлт бол хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь хот, тосгоны Зөвлөл байх зохицуулалт аж. Хот нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 69.1, 69.2-т заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд 31 нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэдгээрээс нэр дэвшүүлж томилогдсон Засаг дарга нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл харьяалах хотын Зөвлөл, Захирагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан ч уг зохицуулалтыг хэрэгжүүлэхэд тодорхой бэлтгэл хангах шаардлагатай гэж үзсэн байна.
Иймд Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталж 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай болон үүнтэй холбогдуулан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг тус тус боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 77 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут танилцуулав.
Ажлын хэсэг хуралдаанаараа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “20 минутын хот” Үндэсний хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл сонсож, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, харилцан санал солилцжээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын зүгээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж Ажлын хэсгээс үзсэн байна. Үүнд:
· Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэх талаар судалгаа хийж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраас Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх;
· Монгол Улсын Засгийн газраас улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг тогтоох талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх;
· Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан 54 хотын эдэлбэр газрыг зураглалыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэх, ялангуяа, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй, шинээр зурагласан 8 хотын асуудал, улсын зэрэглэлтэй хот болгоход аймаг, сум дамнасан тохиолдолд газар зүйн байршил, хотын эдэлбэр, газрын хэмжээ зааг зэрэгт шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах;
· Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлагатай дүрэм, журам, аргачлал зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах;
· Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль тогтоомжийн талаар Засгийн газар, 20 минут хот Үндэсний хороо ойлголтоо нэгтгэх, удирдлага зохион байгуулалт, ажлын уялдааг сайжруулахад анхаарах;
· Засгийн газраас иргэд, олон нийтэд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн талаар нэгдсэн ойлголт өгөх, мэдээллээр хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Ажлын хэсэг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхэд Засгийн газраас бэлтгэл ажлыг хангалттай хийгээгүй, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн тул уг хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр буюу 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд гишүүдийн олонхын саналаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Текст мэдээ
Текст мэдээ