20 минутын хот
Үндэсний хороо

II Хуралдаан

20 минутын хот Үндэсний хорооны 2 дугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Төрийн ордны “Нутгийн удирдлага” танхимд зохион байгуулагдлаа.

Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байгааг онцлоод өнөөдрийн xурлаар танилцуулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж байна, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна, Үндэсний хороо гишүүд асуудал бүрийг цогцоор харж, яам болон нийслэлийн хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн уялдаа, оролцоог хангаж нягт хамтарч ажиллаxыг даалгав.

Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийг Үндэсний хорооны гишүүдэд танилцуулав. Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын багцад буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийг 20 минутын хот Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Батболд танилцуулав.

Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 8-н Хөгжлийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгөв.

“М-Си-Эс” нь нийгмийн хариуцлагын хүрээнд 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг дэмжиж ажиллах бөгөөд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.9. “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн хуулийн заалтын хүрээнд нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран оролцох, бусад аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулахаар манлайлан ажиллах зорилгоор Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, “М-Си-Эс проперти” ХХК-ны Гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир нар санамж бичиг байгуулав.

Menu

  • Government Building II, United Nation's Street 5, Ulaanbaatar 15160, Mongolia

  • 51-266109

  • info@20mcnc.gov.mn